Tuesday, May 17, 2011

АМЬДРАЛЫН ЗАМ


Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв.  За охин минь эд нар юу вэ  Лууван, өндөг, кофе  Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв.  Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ?  Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан.  Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос…

АЖЛЫН АМТ


Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
Үлгэрт ингэж өгүүлдэг. Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие махбодоороо мэдэрч байна даа.

Friday, May 6, 2011

ШҮҮМЖЛЭЛ

 Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ

Popular Posts